Saturday, July 17, 2010

Friday, September 19, 2008

Хайр..

       Өвлийн тэр нэг өдөр нэгдүгээр курсын шинэхэн оюутан Чингүнжав хичээлдээ явахаар автобусанд чихэлдэн барин оров. Тэрээр мөнгөө өгчихөөд бага багаар урагшилсаар дунд хавьцаа очтол дунд хаалгаар дүрлийсэн тас хар нүдтэй, уртаа сормуус нь цантчихсан, ороолтоороо амаа битүү ороон нүүрээ далдалсан нэг охин түлхэгдсээр орж ирэв. Орж ирэв үү үгүй юу
тэндээс кондуктар
- Хүүе тэр дундуур орсон  хүмүүс мөнгөө дамжуулчихаарай, бэлээхэн арын хаалга байхад худлаа дундуур дайраад мөнгөө төлөхгүй бултах санаатай байна уу, алив тэр цагаан ороолттой охин хурдал хурдал хэмээн хашгичина. Охин бушуухан хөнгөлөлтийн билетээ үзүүлээд цаашаа харан зогсов. Чингүнжав нүдээ салгаж чадахгүй хойноос нь харсаар. Тэр хөөрхөн торомгор нүд, цантаад хоорондоо нийлчихсэн сормуусыг дахиад хармаар...
Тэд явсаар нэг буудал дээр буухад Чингүнжав яагаад ч юм нэг сургууль биш байгаадаа хэмээн битүүхэндээ горьдтол тэрээ Кино урлагын дээд сургуулийг чиглэн явлаа. Чингүнжав хойноос нь дагаж явсаар ямар сургуульд сурдгийг нь мэдээд авсандаа олзуурхан бушуухан өөрөө хойшоо сургууль уруугаа гүйлээ. Үүнээс хойш хэд хэдэн удаа тааралдах гээд буудал дээр хүлээсэн боловч ер таарсангүй. Гэвч Чингүнжав цөхрөлтгүй хүлээсээр. Нэг их удалгүй хэддэх өдөр хэдэн цагт тардагыг нь мэддэг болов. Иймэрхүү байдалтай явсаар хавартаа золголоо. Нөгөө охин түүнийг анзаарч байгаа шинж алга. Эсвэл мэдсэн ч мэдээгүй царайлдаг байсан уу. Нэг өдөр хүн багатай таарав. Чингүнжав нөгөө охинхоо араас годхын харайн орж зэрэгцэн зогстол кондуктар тэндээс мөнгөө гэж шавдуулав. Тэрээр мөнгөө олсонгүй " Уг нь яахын аргагүй унааны мөнгө үлдээсэн юмсан, яачихсан юм болоо..." Кондуктар түүнийг элдэвээр хэлэн чирж буулгах юм болов. Тэгтэл нөгөө охин халаасаа уудлан өмнөөс нь мөнгийг нь төлөөд инээмсэглэхэд тэрээр ичиж үхэх гэж байсан ч зүрхэнд нь анхны хайрын оч сэмээрхэн харвасан юм. Дулаарсан болохоор ороолтоо битүү ороохоо больсон тэрээр тийм ч нүд алдам түүний бодож мөрөөдөж төсөөлж байсан шиг царайлаг биш боловч тэр хөөрхөн нүдэнд Чингүнжав татагдахгүй байж чадаагүй юм.  үнээс хойш Чингүнжав зориг гарган танилцаж боломж л гарвал хамтдаа байдаг байв. Уянга нэг их юм яриад байдаггүй, бас жаахан зожигдуу нэгэн болохыг Чингүнжав мэдлээ. Чингүнжав бол сайхан залуу, бие хаа, нуруу туруу тэгш, ямарч охины харцыг булаахаар царайлаг билээ. Арван жилд байхдаа олон охинтой үерхэж, олон ч охины зүрхийг шархлуулж явсан тэрээр нэг л өдөр ингээд энгийн нэгэн даруухан охинд ингэтлээ дурлана гэж бодсонгүй. Чингүнжав дандаа санаачлагыг гартаа авч элдэв янзын жижигхэн ч атугаа зүйлээр Уянгаагаа баярлуулахыг хичээнэ. Тэр хоёрын үерхэл нь улам гүнзгийрч асч байлаа. Тэрээр Уянгаагын яг юунд нь болсоноо мэдэхгүй ч түүнийг татах нэг увидас байна гэдгийг л мэднэ. Чингүнжав Уянгаатайгаа байхдаа бүхнээс жаргалтай болж, урд нь зөндөө сайхан охид, хүүхнүүдтэй үерхэж нөхөрлөж байсан ч тэдний хэнээс ч аваагүй тэр л гайхалтай мэдрэмжийг авдаг байв.
Тэр хоёр төгсөөд хүүхэдтэй болно, хуримаа хийнэ гэж дандаа мөрөөдөнө. Хаа л явна хөтлөлцөөд явж харагдана. Чингүнжав их завсарлагааныхаа цагаар хайрынхаа сургууль уруу хар хурдаараа гүйн очиж хоёулаа хамтдаа хоолонд ордог байв. Уянгаад охидууд атаархаж Чингүнжавын халамжтай, үнэнчийг нь гайхан шагширна. Тэгтэл Чингүнжав 3 курсдээ шалгалт өгөөд тэнцсэн тул Солонгос улсруу сургуульд явахаар болов.
Хоёулаа уйлан байж тавхан жил юу байхав хүлээгээрэй хайрт минь гээд эрдмийн их аянд нисэн одлоо. Цаг хугацаа өнгөрсөөр. Хоёулаа ярихдаа ярьж, интернэтээр уулзахдаа уулзсаар хоёр жилийг ардаа орхилоо. Чингүнжав Уянгаагаа маш их санадаг, амралтаараа яваад очмоор байдаг ч хажуугаар нь ажил хийдэг байсан болохоор ямарч арга байсангүй. 
Тэгээд ч тэднийх байнга нааш цаашаа яваад байхаар хөрөнгө чинээтэй айл ч биш болохоор тэвчихээс өөр аргагүй. Тэгтэл гуравдах жилээс нь Уянгаагын харьцаа нэг л хөндий болоод ирлээ. Гайхан асуухаар зүгээр гэхээс өөрийг үл хэлнэ. Чингүнжав энэ бүхнээ орхиод явдаг ч юм билүү гэж хүртэл бодож үзэв. Уянга бүр холбоо барих нь багасч, утсаа ч бараг авахгүй, асуухаар юу ч хэлдэггүй байв. Тэгтэл нэг өдөр түүний найз нь Уянгааг нэг баян бололтой гадаад залуутай машинд нь суучихсан их л аз жаргалтай байгааг түүнд хэлэв. Энэ хэдхэн үг Чингүнжавын тархин дундуур нь дэлсээд авах шиг л боллоо. Тэрээр учрыг нь олох гэж зөндөө залгасан боловч Уянга утасаа ер авсангүй. Сүүлдээ цөхөрсөн ч итгэл нь бөхсөнгүй, тэрээр өөрөө нүдээрээ хараагүй байж хэмээн өөрөө өөртөө түүнийгээ уучилж байв. Тэгтэл Уянга нэг өдөр э-мэйл бичин уучлал гуйгаад хайртай байснаа хэлэн салъя даа гээд биччихсэн байх нь тэр. Эргээд нэг ч холбоо барьсангүй. Чингүнжав хэсэгтээ итгэж чадахгүй элий балай хүн шиг байснаа цаг хугацааны эрхээр түүнийг сэтгэлийнхээ тэртээ мухарт итгэл найдварын хамт далд хийгээд хичээл номондоо улам шамдан өөрийгөө завгүй байлгадаг болов. Ингээд нэг л мэдэхэд сургуулиа төгсөх болж хичээсний үр дүн сургуульдаа толгой цохих сурагчийн нэг хэмээгдэн бүр нэг газар өөрийнхөө компанид ажиллах санал хүртэл тавилаа. Тэрээр зөвшөөрч харин нутагтаа харьж амарч байгаад ирье хэмээв. Чингүнжав ирэнгүүтээ Уянгаатай уулзахыг хэд хэд оролдсон боловч чадсангүй. Тэгтэл нэг өдөр тэрээр өөрөө утасдаад уулзах хүсэлтэй байгаагаа хэллээ. Чингүнжав догдолж байлаа, Яагаад !!! гэдэг ганцхан асуултын араас ирэх түмэн хариултыг тэрээр хүлээж байлаа. Өөрийгөө цэгнэж, ямарч байсан барьц алдахгүй юм шүү гэж хичээх аж. Тэрээр уулзах газраа түрүүлж очоод хүлээх тэр хэдхэн минутанд зүрх нь хэрхэн хүчтэй цохилж, хайр нь бүр ч унтарчихаагүй байгааг мэдрэв.
Тэгтэл ч гаднаас нөгөө л сэтгэлд зүрхэнд нь мөнхөд хадгалагдсан торомгор хар нүд, дэрвэгэр сормуустай анхны хайрын эзэн нь ороод ирэх нь тэр. Чингүнжав өөдөөс нь ширтэн юу хэлэхийг нь хүлээн суухдаа түүнийгээ ажиглаж байв. Уянга нь жаахан намба сууж, өмсөж эдэлж байгаа нь бийлэгжүү ч нэг л өнгө муутай гундуу харагдаж байлаа. Чингүнжав ч яагаад гэдэг үгээ хэлээд хариултаа хүлээн суусаар. Уянга доошоо харан хэсэг чимээгүй сууж байснаа: Чи намайг буруутгаж, харааж зүхэж, цохиод авсан ч болно
 Харин надад битгий гомдоорой...би гуйж байна. Би чамайг гомдоохгүйг хүссэндээ өөрөө чамаас холдсон. Тиймээ би чамайг хүлээж чадаагүй, тэгэхдээ хүний амьдралд юу ч тохиолдож болох юм байна, би нь тэрхүү саадыг давахын тулд, аавыгаа аврахын тулд мөнгөтэй Хятадтай гэрлэсэн. Би хайр гэдгийг чамаас л амссан, тэр хайр минь намайг үхэн үхтэл миний сэтгэлд байх болно. Би чамдаа үнэнч байж чадаагүй. Ийм л тавилантай байсан юм байлгүй. Надад үнэндээ өөр арга олдоогүй, би аавыгаа өдий насан дээр нь шоронд явуулахыг хүсээгүй. Уянгаа цааш ярьж чадсангүй. Чингүнжав ч нэгэнт мэдэх гэснээ мэдсэн болохоор цааш нь сонсохыг ч хүссэнгүй.

Тэрээр онгоцондоо суун буцаж явахдаа хэнд ч буруу өгч чадсангүй, бас Уянгаагаа ч тэгтлээ өрөвдсөнгүй. Өөр арга уг нь байх л байсан. Тийм л байсан юм бол эртхэн надад үнэнээ хэлчихгүй хэмээн элдэвийг бодсоор явлаа. Тэгтэл хоол ирсэн тул бодлоосоо түр салан хоолоо авахдаа сая түүний хажууд нэг охин сууж явааг анзаарав. Чингүнжав ч сэтгэлдээ Уянгаагаа баяртай хэмээн хэлээд түүнтэй танилцан яриа өрнүүлтэл өөрийнх нь сургуульд орохоор явж байгаа шинэхэн оюутан байлаа...тиймээ амьдрал үргэлжилсээр...